Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 11 цаг 23 минут
Коридор

(хотын туужийн хэсгээс)

Орчлонд наран биднээс өмнө гийж байлаа
Огторгуйд одон биднээс өмнө гэрэлтэж байлаа
Саяхан гишгээд өнгөрсөн саарал үнс чинь 
Сайхан залуугийн очтой хар нүд байлаа 

Омар Хайям 

Мөнх хөх Тэнгэрийн хаянд Монгол минь 
Үзүүр хязгааргүй нам гүмхэн аз жаргалтай 
Үнэн сэтгэлээсээ амар цэнгэл амьдрах нутаг минь 
Чингис хаан минь сүлдэндээ амьд оршдог
Үеийн үед мөнх сэрүүн хийморьтой 
Жангар хүлэг баатрын Энхжин минь 

Тэнгис-Оюун 

Төгс төгөлдөр нийгэм хийгээд өв тэгш хүмүүнийг өдгөөг хүртэл хүн төрөлхтөн бий болгоогүй байна. 20 дугаар зууны эхэнд Орос, Монгол орнуудад ялан дийлсэн социалист тогтолцоо (Монголд бол социализмийн материал техникийн бааз байгуулж байна гэх) үнэхээр элдэвтэй сонин нийгмийн талаар олон он жил өнгөрсний дараа өндөр оюун ухаан билигт түүхчид, судлаачид дүн шинжилгээгээ өгөх биз ээ. Харин тухайн үед бүх л юм ямар нэгэн байдлаар нэгэн хэвэнд цутгасан мэт социализмийн жилүүдэд романтик бадрангүй бодол сэтгэлгээтэй хүмүүсийн амьдрал байдал нь хуарангийн захиран тушаах материалист “бүдүүлэг" ахуйтай харшилдан, хүвь хүний тавилан эмгэнэлээр төгсөж байсан нь цөөнгүй ээ.

Панк Гочоо агсан согтуу тавьдаг тавьтиргуй нэгэн бөгөөд элдвийг сэдэж бодож явдаг aдармаатан байлаа. Түүнийг гажиг хочтой кино найруулагч гэх Дэрийлаамятав алдарт Милош Форманы бүтээсэн Амадеус киноны Моцартын алиалал, элдэвлэн байгаатай тун чиг төстэй ш дээ хэмээн нэрлэсэн юм. Түүнээс хойш Панк Гочоо тэр гаж оношид их л сэтгэл хөдөлж огшин cаган явахуй. 

Тэрбээр архи ууж, будуун бахим хоолойгор элдвийг чанга ярьж, панк хөгжим тоглож, өөртэйгээ адил урт ус тавьж, савхи өмссөн найзуудын хамтаар сонсож элдэвлэн элдвийг сэдэж бүтээхүйгээр оргилон юу л бол юуг ч хийж бүтээж чадах шидэт саваатaй мэт сэтгэлийн жигүүртэй дэрвэн явна. Панк Гочоо нийгмийн царцангуй байдлыг шүүмжлэн яриx бөгөөд их бага хунд сурталтан, дарга даамал, эвэртэн турайтан, мөн хүний мууд дурлаx элдэв гүмбэрваа матар нартай маргалдан тэмцэлдэж,

-“Хар мал минь, чамд малаас өөр мэдэх юм байна уу? Соёл иргэншил гэж өөр зүйл байна аа, цаана чинь, ингэж амьдарч болохгүй ээ! Эсвэл Улаан адгуус минь чамд Улаан өнгөнөөс өөр ертөнцийн өнгө алга байна уу? Хорвоогийн энэ олон өнгөнөөс ганцхан улаан өнгө манайд байдаг нь ямар учиртай юм бэ? Айн?” хэмээн элдэв мяндагтанд очиж мөчөөрхөх бол энэхүүнд. Эсвэл элдэв одон медаль зүүсэн идэвхтэн сэнтэг улаан хэнээтэн нэгэнтэй тааралдвал тэр холоос “Ааа.. Алтан медальт!” гэж тэврэн авч хашгирах. 

Угтаа тэрбээр Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийн алтан медальт эцэг малтай зүйрлүүлэн байгааг цаадуул нь гадарлах ч үгүй ээ. Албан газрынхаа хурал хуй дээр тэрээр Чойномын Монгол эртний соёл ном судрыг шатаав гэсэн утгатай шүлгийг унших эсвэл Хайр дурлал мандтугай хэмээн уриалах эсвэл Алив Бос! Намайг дагаад яв... Зориг зүрх байвал Хэцүү биш! Болно! Бүтнэ ээ! Хий бүтээ гэсэн үгтэй дуу зохиох зэргээр тэрсүүтдэг байв. 

Мөн түүний найз димедрол хочтой Тэнгис-Оюун гэж Эргэцүүлэгч байх. Тэрээр ихийг унших бөгөөд уншиж мэдсэн, бодож олсон зүйлээ найз нөхөд гэж эндүүрэн, тойрон байгаа болгондоо ярьдаг учир түүнийг сонсож байгаа мунхгууд үл ойлгон нойр нь хүрч, түүнийг “димедрол” хэмээсэн билээ. 

-“За, найз минь, ид шидийн реализмын уран зохиолын урсгал нь угтаа Кубын зохиолч Алехо Карпентераас 1949 онд гарсан нэр томъёог юм билээ ш дээ. Харин дэлхий дээр Маркесийн 1967 онд хэвлэгдэн гарсан “Зуун жилийн ганцаардал” алдарт романаар мэдэх болсон. Мөн үү? Аа, ер нь бол Хойд Америкийн Эрнест Хемингуэйн зохиолууд дэлхийн орчин үеийн уран зохиолын дээд түвшин стандарт болж байна. Аливаа бодитой хүүрнэлийн ерөнхий хүрээнд болж байгаа үйл явцыг хийсвэр төсөөлөл, уран хэллэг, өндөр боловсрол, авьяас мэдлэгтэй сайтар хольж, орчин үеийн шинжлэх ухааны зөгнөлийг оруулан, энэ шидэт реализм гэх зохиолчдын чиг хандлагыг хэлдэг. Тиймээс түүх, шидэт реализм үүднээс эрхэм сэтгэлийн гал цог, далд уянга, мэдрэмж, эрчим импульсээр гарах санаа маш чухал бөгөөд орчин үеийн тухай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь гол зорилго шүү дээ! Гэтэл манайд яаж байна? Хэдэн давхар цензур, НАХ-яам, главлит, хяналт, элдэв уран сайхны зөвлөл гээд л...

Хэрэв главлит гэх хянагчдад бүх эрх мэдэл өгөх юм бол Николай Гоголийн тэртээ 1842 оны "Xамар" романыг хаах л байсан даа. За тэгээд л Дикенс, Бальзак, Достоевский, Мопассан, Кафка, Гюнтер Грасс, ядаад М.Булгаков гээд хүний сэтгэлийн дотоод амьдралын гүн ухаан, дотоод сэтгэлийн зөрчлийг илэрхийлсэн бүтээл манай тайзнаа тавихгүй юм даа” гээд л авч өгдөг нэгэн. Гавьяат жүжигчин Хэрмэн хэмээх гоо бүсгүй түүнийг 

-“За димедрол минь, чи боль доо” гэх гэсэн боловч бас түүний яриан дунд УБДС-ийн кино драмд сурч байхдаа хальт бүдэг бадаг сонссон Станиславский, Мейрхольдт , Австрийн алдарт сэтгэл зүй судлаач Зигмунд Фройд, мөн театрын хүн болгоны хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрсөн эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюун болон Л.Ванган, Гэндэн энэ тэр гэсэн чухал нэрс байгааг бас анзааран дурамжхан сонсож, яриа сулхан өрнүүлэн зогсохыг Тэнгис-Оюун мэдэж байгаа ч юм байхгүй, улам гааран “Москвагийн Уран сайхны Урлагийн театрын найруулагч Олег Eфремов манай буряд - монгол A. Вампил-овыг Орос хийгээд дэлхийд нээсэн шүү дээ. Ээ дээ, энэ Оросын - Размах .. Цар уу...” гэж ирээд л ярьсаар...
 
Хэдий тийм боловч Тэнгис-Оюун бас нэлээн халуун шазруун зантай, бас хэн нэгнийг шогловол шоглочихдог бөгөөд бас хэнтэй юу гэхээ мэддэг нэгэн байлаа. Тэрбээр Панк Гочоогийн оюутан цагийн ангийн найз бөгөөд хамт олон жил дотуур байранд Прагад байсан болоохоор Пельзень пиво, шарсан загас, гахайн махан зайдас тэргүүтнийг чамгүй л их хамт гударсан хоёр. Тиймэрхүү биесээ даган хөөрөн цэнгэх явдалд тэдний гарын хүн Боржигин Болдхүү гэх дүр төрхөөр тасархай царайлаг, авдар шиг цээжтэй, багаасаа бөх барилдаж байсан нэгэн байсан бөгөөд тэрбээр заримдаа тэр хоёрын халуурах, цаашлан болчимгүйтэн бужигнаж элдэвлэхээс сэргийлж зогсон тайвшруулах горимд нь ганц нэг үгээрээ оруулдаг нэгэн анд найз нь бас бий.Тэднийг найзууд нь явуулж, Шадар гурван цэрэг гэх.

Панк Гочоогийн эхнэр өндөр Мандаа гээд Гүрсоронзон гомбо хааны гүнж шиг дугариг үзэсгэлэнт цагаан царайтай (Цогт тайж киноны Цогзолмаа гуайн тоглосон гүнж шиг гоё) бүсгүй. Мандаа нь залуудаа жүдо, самбогоор хичээллэн нэлээд амжилт олох байсан боловч Панк Гочоод туйлын их хайртай учир тэр бүхнээ орхин зөвхөн түүнд амьдралаа зориулсан эгэл нэгэн жирийн бүсгүй, халамжит эхнэр, үнэнч хань нь болсон юм. Түүний энхрийлэл халамжинд эрдсэн Панк Гочоо заримдаа гэргийдээ туниж бас элдэвлэx нь цөөнгүй тохиолдох. 

Нэгэн удаа манжинтай хоол хийлээ хэмээн дээр нь нуруу нь хөшиж хөдөлж ч чадахгүй байна, бие өвдлөө хэмээн баашилж, хөөрхөн Мандаадаа тунирхан гунигтай аргагүй ширээ шаан сууж байсан Гочоогийнд димедрол Тэнгис-Оюун ороод ирэх нь тэр. Тэрээр шууд л панк Гочоогийн нүүрэн дундуур буулган авч, “Чи манжин байхад махаар яахав Манж байхаад монголоор яахав гэсэн үг дуулсан уу хө” хэмээн хашгирч, Манжин хийгээд Манж улсын талаар Энх Амгалан хаанаас Манжийн сүүлчийн хаан Хенри Пуй хаан хүртэл дэлгэрэнгүй ярьж, хажуугаар нь манжингийн витаминлаг чанар, ногооны тэжээллэг, илчлэг өгөгдөхүүний талаар хүнс тэжээлийн зөвлөх хоол зүйч эмч мэт тайлбарлан Гочоо чи минь Оффенбах төгөлдөртэй, хөөрхөн авьяаслаг хүү чинь түүн дээр тоглож, энэ шинэхэн сайхан өргөө гэртээ жарган байхын оронд ингэж битгий бай л даа гээд, яагаад ч юм Чехэд сурч байснаа санасан бололтой Карел Готын Карнавал ( Багт наадам ) дууг дуулж өврөөсөө галуун хүзүүт хэд хэдэн шил шар айрагны хамтаар гарган задалж тэр хоёр Бага тойргийн гал тогооны өрөөг доргиотол дуулан, нуруу нь хөшин хөдөлж чадахгүй хэмээж байсан Панк Гочоо том өрөөндөө орон хөгжмийнхөө хамгийн чанга дээр тавин брейк бүжиг бүжиглэж эхэллээ...

Тэдний амьдрал нөхөрлөл cоциализмийн жилүүдэд ийм өнгө, ийм аялгуу дунд өнгөрч байлаа... 

Xүрээлэн бүй орчлон мөн адил гайхан алмайран эргэлзэн тээнэгэлзсэн хүмүүсээр дүүрэн.

Нэрийг нь хүртэл оросууд буруу хазгай дуудан бичсэн энэ хотод минь юу ч болдоггүй цаг зогсчихсон мэт хэмээн гайхан цонхоор гиюүрэн бодол болон зогсох багш Оюунболд,

нийгмийн хурц бүх сэдэв хориотой энэ үед Москвагаас саяхан дээд сургууль төгсөж ирсэн шинэхэн будаг нь ханхалсан ТВ-гийн найруулагч Чурагсээ арга барсандаа Улаанбаатарын замаа алдсан олон золбин нохойгоор ТВ нэвтрүүлэг хийхээр шийдэн ядан “Одоо яах вэ?” хэмээн асуун зогсох, 

барууны хөгжим дууны диско клубын зөвшөөрөл яаж авч болох бол гэж бодон яваа Будапештээс сургуулиа төгссөн ирсэн Арилдий,

баян нэгдлийн хоньчин хойно яагаад баяртай байх ёстойг ойлгохгүй, хүн доромжилж байгаа юм шүү гэж уцаарлах Өмнөговийн нэгдлийн малчин залуухан Дэлгэрцэцэг,

Уралцан номчирхвол хальс хазах мэт болох боловч 
Утгыг нь танивал жимсийг хүртэх мэт 
Удтал төөрсөн номлолоо буцаа 
Утгыг эрж дэвшлээ хичээе хэмээн байдал илт зогсонги болж байгааг анзааран зовниж байгаа цөөн оюунлаг сэхээтнүүд,

бид бүгдийн эх оронд энэ эл хуль байдал нь сэрж таних, эргэн бодож, тунгааж, ахин дэвших хэрэгтэй гэсэн санаа бодол эрүүл ухаант болгоныг эзэмдэж эхэлж байсан цаг авчиг Өрнө-Дорнын зангилаа болсон Монголын Коридорын үзүүрт гэрэл харагдах үгүй нь тодорхой бус хэвээрээ байлаа .. (үргэлжлэл бий ) 

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.