Сүүлд шинэчлэгдсэн: 1 цаг 40 минутын өмнө
К. Циолковский хийгээд Гэлэнхүү Хайнзан буюу Хүмүүний мөрөөдлийн хүч

Cайн үгт Эрдэнийн сан субашид, Богд Зонховын шашны номлолд сансрын хүрднээс гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран нирван болно гэж миний залуу багш Сансарбат ламтан олон жилийн өмнө надад хэлж байсан юм. 
  
Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны Гэлэнхүү Хайнзан xар багаасаа ой ухаан гоц сэргэлэн, цовоо шалмаг, ажилч хичээнгүй хүү байжээ. Тэрбээр үлгэр домог сонсон сэтгэлийнхээ дуудлагаар үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр ертөнцийн элдэв сонин нууц, тайлагдашгүй болгоныг сониучирхан, дэмий юм хийж саваагүйтлээ хэмээн зэмлүүлж байжээ. Хоцрогдол үхширмэл ахуй тойрсон чавганцын хэрүүлт үгийг ч элдэв хоосон яриаг үл тоон өөрөө жигүүр бүтээн агаарт хөөрсөн үнэн түүх бий. Гэлэнхүү Хайнзангийн хөшөөг Хөвсгөл аймгийн Мөрөн хотын онгоцны буудал дээр монголчууд барьсан тухай саяхан уншлаа.
Нисдэг Хайнзан хэмээх аэроклуб ч Монголд байдаг юм байна.

Бүтээлч хүмүүн бүхэнд мөрөөдөл хүслээ биелүүлэн хөдөлмөрлөх нь амьдралын утга учир ажээ.

Гэлэнхүү Хайнзан шашны ном судалж суухдаа манай эриний XIII-XIV зуунд амьдарч байсан төвдийн эрдэмтэн Бүдэн гэгээн хэмээгч эрхэм "Энэтхэг Төвдийн буддизмийн түүх" гэдэг алдарт бүтээлдээ их, бага арван ухааны тухай дурдаж ангилсан тухай уншиж мэдсэн л байгаа.

Их Монголын бага хаадын үед хөлгөн судар Данжуурыг орчуулах бэлтгэл болгон монгол эрдэмтэн их лам Жанжаа хутагт Ролбийдоржийн зохиосон "Мэргэд гарахын орон" хэмээх сударт 10 ухааны ангиллыг анх тодорхой тусгаж оруулсан. 

Энэ үеэс эхлэн монгол сэтгэгчид их бага таван ухааныг гүн гүнзгий тогтолцоогоор нь судалж эхэлсэн.

Эдгээр арван ухаанд дараах мэдлэг ухаан багтдаг. Үүнд: 

Их таван ухаанд:
• Дотоод ухаан буюу гүн ухаан - Нанригба
• Тэжээхүй ухаан буюу анагаах ухаан - Собаригба
• Учир шалтгааны ухаан буюу логикийн ухаан - Дануаригба
• Дуун ухаан буюу хэл зүйн ухаан - Даригба
• Зурхайн ухаан буюу одон орон, тооны ухаан – Соригба


Бага таван ухаанд:
• Урлахуйн болон оньсон ухаан буюу техник, технологийн ухаан - Жей
• Ёгт нэр буюу нэрлэхийн ухаан - Он жид
• Жүжгийн ухаан - Дой-гор
• Холбон найруулахуйн ухаан - Дэв-жор
• Зохист аялгуун ухаан - Нян-аг эдгээр 

Манай Монголын Дорнын сэтгэгчид гүн ухаан, сэтгэн бодохын хувьд сансар гаригт оюун бодлоороо хурсэн боловч дан ганц мал аж ахуй, хоцрогдсон багаж хэрэгсэл, энгийн дадал хэвшил болсон ахуйн сэтгэлгээтэй, феодализмийн хоцрогдолтой зууралдан оршиж байсан тул аж үйлдвэр, олон улсын худалдаа, шинжлэх ухаан, боловсролд асар их хөрөнгө оруулалт  бодлогын хүрээнд хийдэг Өрнөдийн капиталист орнуудаас хол таягдан хаягджээ. Эмгэнэл энд оршиж байгаа юм.

Гэвч Дорнын их, бага арван ухааныг өрнөдийн соёл иргэншлийн хүрээнд хамаарагдах Орост төрөлхийн ухаан, хичээл чармайлтаар олсон боловсрол, хүн төрөлхтөнд тустай амьдрах нь  амьдралын  дээд утга учир хэмээн итгэн шинжлэх ухааны судалгааг бодит амьдрал руу буулгахыг чармайн хичээсэн агуу сэтгэгч Циолковскийн тухай бодлоо бичсүү.


Калуга хотод модон байшин гэрт буйдхан амьдардаг дүлий боловч  суут алсын хараатай Константин Циолковский математик тооцоон дээр үндэслэн пуужингаар сансарт нисэх боломжийг нь баталсан. Гэвч хамгийн гайхамшигтай нь тэрбээр албан ёсны ямар ч боловсрол олоогүй зөвхөн өөрийн оюун ухаан, авъяас билгээ дайчлан энэ бүх нээлтүүдийг хийсэн. Мөн тэрбээр “Амьдрал бол мөнхийн юм” гэсэн санааг дэвшүүлсэн юм. Молекул, атом, нейтроноос бүх биет бүрдэж тогтоно. Молекул болон атом нь хүн дотор амьдарч, анхилуун ургамалд амьсгалж эхэлж, чулуунд бол сая сая жилийн  дараа  хувьсалд орон сэргэлтийг хүлээн гүн нойрсоно. Гэлээ ч  биднийг амьгүй биетүүд ч мэдэрч байгаа хэмээсэн байдаг. Японы судлаачид үүнийг ерөөл хэлж тарнидсан энгийн ус атомын бүтцэнд нь өөрчлөлтөд орсон байгаагар саяхнаас нотолсон.

Тас харанхуйн хоцрогдол дундаас сансар луу цойлон нисч, пуужин бүтээн байгуулах оюун санааны эрэл хайгуул хийж, шинжлэх ухаанч, бүтээлч санааг  анх  нээж гаргасан суут хүмүүн гэвэл их, бага арван ухааны эд эсийг төрөлхийн ухаан, хичээнгүй чармайлтаараа олж авсан Оросын агуу сэтгэгч, өрнөдийн суурь соёлт Константин Эдуардович Циолковский.


К.Циолковский сансрыг судалж, пуужин зохион бүтээх тооцоо, төлөвлөгөөг санаандаа зураглаж, улмаар шинжлэх ухааны бүтээл болгон туурвиснаараа Оросын сансрын эрдэм шинжилгээний хайгуулын анхдагчдын эрхэм байр сууринд заларч, түүхэн гавьяа байгуулсан энгийн нэгэн амьдралтай мөртлөө энгийн бус суут нэгэн.



Сансрын аялал, пуужингаар аялж болох тухай мөрөөдөл, тооцоо одоо ч гэсэн зуун жилийн дараа анхны тэр л хэвээрээ сансар судлалд хэрэглэгдсээр.

Константин Циолковский нь эзэн ноёныхоо эсрэг бослого үймээн гаргаж байсан монгол-татар гаралтай украины казак Наливайко гэгчийн удам ажээ.  

Наливайкогийн удмын хойчис хожмоо Польш бүсгүйтэй гэрлэн Циолково тосгонд эзэн болж суурьшсан цагаас эхлэн тэдний гэр бүлийн түүх олны өмнө ил гарч, ураг удмын бичиг нь тэмдэглэгдэн үлджээ. 

Түүний аав Эдуард Игнатьевич Циолковский польш гаралтай, ээж Мариа Ивановна Юмашева нь татар гаралтай орос хүмүүс байсан юм. Арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айлын тав дахь хүүхэд болох алдарт сэтгэгч Константин Эдуардович Циолковский 1857 оны 9-р сарын 17- нд  Хаант Оросын Рязань мужийн Ижевское тосгонд мэндэлжээ. 

Арван настайдаа тэр өвлийн хүйтэнд даарч хөрснөөс болон халуурч улаан бурхантсан нь үгдэрснээс үүдэж сонсголын бэрхшээлтэй болон дүлийрсэн ажээ. Тийм болохоор эрүүл хүүхдүүдийн адил тоглож наадахад хэцүү байлаа. Гэвч тэр эрдэм мэдлэгт шамдан мөрөөдлөө лавшруулж төлөвлөгөөгөө тооцоо болгон боловсруулах оюуны хөдөлмөрийн их аянд гарч, аяллаа амьдралын турш үргэлжлүүлсэн
.
Эрдэм мэдлэгээ бие даан дээшлүүлэхээр Москвагийн номын санд очихыг эцэг нь хориглосонгүйгээр барахгүй аяллын тийзээс эхлэн бусад зардалд нь ч гар татсангүй. 

Тийм болохоор сэтгэл тайвуухнаар номын санд байгаа математик, физик, хими, механикийн номуудыг чөлөөтэй үзэж, шинжлэх ухааны онолыг судлахын зэрэгцээ шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Жюль Верний сансрын аяллын сэдэвтэй романыг шимтэн уншсан нь түүнд урам зориг өгч, сэтгэн бодох жигүүр онгодыг дуудан  ургуулжээ. Аварга том их бууны тусламжтайгаар саран зүг сансрын хөлөг нисгэсэн Жюль Верний зохиолд гарах санааг баяжуулан хөгжүүлж пуужин нисэлтийн онолыг Циолковский нээсэн.

Гурван жилийн дараа багшлах эрхийн шалгалт өгч тэнцсэн Циолковский дунд сургуулийн багшийн ажилд орохоосоо өмнө таталцлын нөлөөг шалгах санаа сэдэж гэр-лабораторидоо центрифуга барьжээ.

Москвагаас өмнө зүгт 100 орчим километр зайтай  Боровское тосгонд, жаахан хожим Калуга хэмээх жижиг хотын дунд сургуульд арифметик болон геометрийн багш болоод тэндээ Варвара Соколоватай гэрлэж, таван  хүүхэдтэй  сайхан айл болжээ.1892 оноос 1935 онд нас барах хүртлээ Калугад багшийн ажлаа хийж, бие даан ганцаараа шахуу сансар судлалын ажлаа гүнзгийрүүлсээр.





1917 оны Хувьсгалын дараа  тэрбээр шоронд ч бас орж  үзэв. Сансар, өөр гаригийн тухай ойлгомжгүй юм ярьж явдаг. Салхины хүчээр явдаг аварга том далбаат чаргаар олон хүүхэд суулган мөсөн дээр гулгадаг. Дугуйндаа нарийн эдээр далавч шиг багаж хийчихээд зуны салхи сэнгэнүүлэн давхидаг. Тосгоны хүүхдүүдийг эгнүүлэн жагсааж байгаад маш сонин хэлбэрийн хайчаар хумсыг нь авч өгдөг. Гэртээ аварга том телескоп зоож одот тэнгэрийг шөнө бүр ажиглан дуранддаг. Хавтгай шугам зураг үй олноор нь байнга зурдаг гэх мэтчилэн өвөрмөц араншин нь чекистүүдэд нэг л сэжигтэй гаж этгээд санагдаж Циолковскийг Онцгой комиссийн шоронд гурван долоо хоног суулган байцаасан түүхтэй. Сансар өөр гаригт тэрбээр хувьсгалын эсэргүү нартай холбогдсон эсэх нь нэгэнтээ тогтоогдоогүй тул түүнийг яалт ч үгүй чөлөөлжээ. 


Эцэж туйлдсан Циолковский суллагдаж хариад л шинжлэх ухааны судалгааны ажилдаа яаравчлан орж, санаагаа цаасанд буулган бичиж эхэлжээ. Ийнхүү бичиж буулгах цаг нь болсон гэдгийг шоронд байхдаа мэдэржээ.
 
Циолковский тодорхой асуудалд анхаарлаа хандуулан орон зай дахь амьдралын талаар нийтлэл шинжлэх ухааны сэтгүүлүүдэд олноор нь  нийтэлсэн байна. Нийтдээ Константин Циолковский  шинжлэх ухаан, гүн ухааны сэдэвтэй 400 гаруй томоохон бүтээл туурвисан бөгөөд сансар, гариг эрхэс, пуужингийн дизайн, шингэн хөдөлгүүрт онгоц, сансрын лифт, хүн төрөлxтөн нарны аймгийг эзлэн суурьших, цаашлаад сансар эрхсийн хүй орчлонгоор тархан суурьших гээд хэт алс ирээдүйг зөгнөн харсан, өнөөгийн амьдрал дээр маш олон технологийн бодит ололт авчирсан нийтлэлүүдээс гадна хүн төрөлхтний төгөлдөр үр удам бий болгох тухай болон бүр хөгжмийн язгуур үндэс хэмээх урлаг судлалын нийтлэл ч байдаг.

Шинжлэх ухааны шинэ мэдээ мэдээлэл, ололт, хөгжил дэвшлээс тусгаарлагдсан хөдөөгийн Калуга хотод оршин сууж буй бараг дүлий шахуу К.Циолковский нэн шинэ судалгаанаас хоцрохгүй байх гэдэг тун амаргүй байлаа. Заримдаа "дугуй зохиох" ч асуудал гарч л байлаа. Наад зах нь гэхэд л хийн кинетик шинжлэлийнхээ үр дүнг хэвлэн нийтлэх гэж түүнийг оролдож байхад өөр нэгэн аль хэдийн хорин таван жилийн өмнө яг ижил үр дүнг хэвлэн гаргачихсан хэмээн их эрдэмтэн Д.Менделеев түүнд захиандаа бичжээ.

Гэвч тэр агуу их хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж сансрын нислэгт анхаарлаа төвлөрүүлэн агаарын хийт бөмбөлөг дирижабль боловсруулж эхэлсэн байна. 1894 онд бүрэн металл хамгаалалттай агаарын хөлгийн тухай санааг санал болгосон өгүүлэл хэвлэгдсэн бөгөөд 1895 онд тэрээр сансарт шийдвэрлэх арга замыг нээж гаргалаа. 

1903 онд түүний явуулсан гар бичмэл "Шинжлэх ухааны тойм" гэдэг нэр хүндтэй шинжлэх ухааны онолын сэтгүүлд хэвлэгдсэн байна. Энэ өгүүлэл болон түүний дараагийн ажлын эхлэл пуужин нь дэлхийн сансрын судалгааны хамгийн анхны шинжлэх ухааны хувьд ашигтай санал гэж дэлхийн эрдэмтэд өдгөө баталжээ.   

Циолковский шингэн устөрөгч, шингэн хүчилтөрөгчийг сансрын хөлгүүд ашиглаж болох бөгөөд хольц бүхийгээс хурд хамаарч  байдаг хэмээсэн нь зарчмын шинэ санаа байв. 

Түүний гар бичмэл тэгшитгэл нь одоо хэр эрдэмтэн эзнийхээ нэрээр нэрлэгдэн өөр юугаар ч няцаагдаагүй нээлт хэмээн үнэлэгдсээр байна. Түлш, түлэгдсэн хийн утааны хурд болон пуужингийн эцсийн хурдыг харьцуулахад пуужингийн масс өөрчлөгдөвч масс хадгалагдан хоорондоо математик харилцаатай байдаг тухай Циолковскийн томьёо нь сансрын нислэгийн үндэс суурь.

Циолковский эдгээр цогц асуудлыг оюун тархиндаа эрж хайж нээж гаргасан анхдагч эрдэмтэн болох хийгээд хөдөөгийн дунд сургуулийн багш төдийгүй агуу сэтгэгчийн үүрэг зиндаа, түүний биеэ даасан судалгааных нь талаар мэргэжлийн цөөн хэдэн судлаач л мэдэж байжээ. Xарин тосгоныхон нь болохоор дунд сургуулийн дүлий багш эрдэм шинжилгээний ажил хийнэ гэж юу байх вэ хэмээн дооглон тохуурхаж, сэтгэцийн гажигтай хэмээн даапаалцгаажээ.

Ийм нөхцөл байдлыг огтхон ч тоохгүй ажлаа үргэлжлүүлж байсан Циолковский хөдөөгийн бөглүү тосгоныхны хоцрогдсон хэвшмэл сэтгэлгээг тэвчих аргагүй тэвчээр алдаж нэгэн удаа Калугаг шинэчилнэ гэснээс сансарт ниссэн нь хамаагүй хялбар хэмээн уулга алджээ.

Эрдэм шинжилгээний нэр хүндтэй хүрээлэнд асар их хөрөнгө мөнгө зарцуулж байж судалгаа хийсэн Германы эрдэмтэн Херманн Обертханд, сансар судлалд анхаарч маш их хэмжээний хөрөнгө мөнгөөр ивээн тэтгүүлсэн тусгай лабораторийн физикч, Америкийн эрдэмтэн Роберт Годдард нар 1920 онд Оросын хөдөөгийн аглаг тосгонд ганцаараа шахам гэртээ суун судалгаа хийдэг Константин Циолковскийтэй адил дүгнэлтийг олон нийтэд хүргэжээ.

Тэднийг өдгөө ижил нээлтийг тус тусдаа зэрэг нээсэн сансрын хөлөг пуужингийн эцгүүд хэмээн түүхнээ нэрлэжээ.

1929 онд Циолковский олон шатлалт пуужингийн тухай бодол, хөгжиж буй шинжлэх ухааны шаардлагын дагуу тойрог замаас гарч болох талаар тайлбарласан шинжлэх ухааны өөр нэг өгүүлэл нийтлүүлсэн байна. Пуужин тус бүр өөрсдийн түлшийг хэрэглэж дуусмагц гол биеэсээ задарч болно гэсэн санаа нь Оросын сансрын пуужинт хөлгүүдийн гол зарчим нь.

Түүний сансар судлал, пуужин зохион бүтээн байгуулах анх санаа сэдсэн гавьяаг үнэлэн Константин Циолковскийн хөшөө Москвагийн ойролцоо төрөлх Калуга хотод нь босгожээ. Сансар судлаач эрдэмтэд, сансрын нисэгчид Циолковскийд хүндэтгэл үзүүлдэг сэтгэл хөдлөм уламжлалтай.

Констанин Эдуардович Циолковский нь зөгнөл таамаглалдаа бүр нарийн ажилбарыг хүртэл зөгнөн тодорхой бичсэн байдаг нь гайхамшигтай. Жишээ нь, нислэгийн удирдах пуужин оруулах түлш хадгалах сав нь шаталтын камерт орж, түүнчлэн пуужингийн шингэн түлш болгон пуужин хөөргөх, жолоодох аргачлал болон даралтын хэрэгцээ, сансрын нисэгчид сансрын хөлгөөс гарч явах цаг хугацааг яг зөв тааруулж тохируулсан таамаглал гаргажээ. 

ОХУ-д сансрын пуужингийн онолоор нь Циолковскийг сансар судлалын эцэг гэж үздэг билээ. Түүний сэдэл санааг ажил хэрэг болгосон алдарт Сергей Королев зэрэг пуужингийн зохион бүтээгчид Циолковскийн санааг биежүүлж, дэлхий даяар өрнөж байсан сансрыг эзэмшихийн төлөө өрсөлдөөнд ОХУ цойлон гарч ирэх угтвар болсон. 

Сарны харанхуй буюу бидэнд харагддаггүй нөгөө гадаргуу талд байх хамгийн алдартай тогоог түүний нэрээр нэрлэсэн. Бас бага гаригуудын 1590 тоот гаригийг Циолковский гэж нэрлэсэн.

К.Циолковский 1935 оны есдүгээр сарын 19-нд далан найман насандаа гэртээ нас баржээ. 

Тэрбээр Дэлхий бол хүн төрөлхтний өлгий, харин хүн төрөлхтөн өлгийдөө үүрд байж чадахгүй хэмээн хэлсэн байдаг.

Пуужингийн холбоотой тооцоолол хийх санаа миний толгойд анх хэрхэн орж ирснийг би санахгүй байна. Энэ санааны анхны үрийг алдарт зөгнөлт зохиолч Жюль Верн тарин ургуулсан шиг л санагдаж байна. Юуны түрүүнд энэхүү титэм мөрөөдлийг хэрэгжүүлэх зайлшгүй санаа нь уран үлгэрийнх юм. Дараа нь шинжлэх ухаан, тооцоо байдаг бөгөөд эцсийн дүн шинжилгээ хийж амьдрал дээр батлах нь чухал болно. 

Бүхий л сав шимийн ертөнц амьдралаар, сайн сайхан амьтдаар дүүрэн байна. Том пуужингийн төхөөрөмж ашиглаж эхэлснээс хойш одон орны нэгэн шинэ эрин эхэлнэ. Сансар судлалын эрин үе илүү эрчимжих болно.

Миний бүх амьдрал бодол, тооцоо, практик ажил, маш олон асуулт хариулт хэвээр бөгөөд туршилтын ажлын ихэнх нь дутуу, эсвэл хамгийн чухал зүйл нь нийтлэгдээгүй хариу нэхсэн хэвээрээ хэмээсэн.

Мөн тэрбээр, намайг пуужин зохион бүтээгч гэх гээд байх юм, тэгвэл та нар ойлгооч дээ,  пуужин бол зөвхөн тээврийн хэрэгсэл, харин миний мөрөөдөл бол агуу сансрын орон зайд хүн төрөлхтнийг байршуулан амьдрах орон зайг тэлэх боломжийг тэрбумаар нэмэх боломжийн судалгаа,  мөрөөдлийг хэрэгжүүлэх асуудал шүү дээ гэж цохон тэмдэглэжээ.

Түүний нийгэм, гүн ухаан, үхэл амьдралын тухай, хүний үйл ажиллагааны эцсийн зорилгын тухай олон олон судалгааны ажлууд одоо хэр нууцын зэрэглэлтэй байдаг бөлгөө. 

Энэ бүхнийг эргэцүүлэн бодох үед "Beatles"-ийн хүний ертөнцийн тухай дуу санаанд орж ирлээ.
 
Across The Universe   J.Lennon- P.Mccartney 
 
Words are flowing out like
Endless rain into a paper cup
They slither wildly as they slip away across the universe.
Pools of sorrow waves of joy
Are drifting through my opened mind
Possessing and caressing me.
Jai Guru Deva. Om
Nothing"s gonna change my world
Nothing"s gonna change my world
Nothing"s gonna change my world

 
Орчлон хүй мандал сансар дундуур     J.Lennon- P.Mccartney 

Үгс цаасан аяганд эцэс төгсгөлгүй бороошин урсан 
Үгс хязгааргүй агаар сансар луу гулсан анирлан уусан 
Ноомой гашууг сэргээсэн баясгалант давалгаа  
Намайг эзэмдэн таалж сэтгэлийг минь нээн
Жам ёсоороо замаараа алхана 
Жай Гүрү  Дива  Ум 
Миний ертөнцийг юу ч үл өөрчилнөм 
Миний ертөнцийг юу ч үл өөрчилнөм 
Миний ертөнцийг юу ч үл өөрчилнөм 
Миний ертөнцийг юу ч үл өөрчилнөм  


Суут цэцэн билэгтний чин зориг, оюун ухаан, хөдөлмөр авьяасаараа бүтээсэн нээлт ололтоор эрт дивангарын үеэс хүмүүн төрөлхтөн уламжлан дэлгэрүүлж өнөөдрийн XXI зууны хөгжилд тулан хүрсэн билээ. 

Элдэв янзаар хэлүүлэн доромжлуулан  байж, хориг хаалт,  хоцрогдлын үхширмэл бурангуй үзэл  бодол, хөдөлшгүй хатуу хэвшмэл номлол, хайрцаглагдсан сэтгэлгээ, харгислал,  дарамт бүхнийг даван туулан  цаг орчныхоо байдалд хэзээд үл нийцүүлэн  зөвхөн өөрийн төгөлдөр оюуны ертөнц үзэл бодолдоо үнэнч явсаар дэвшил хөгжлийн түүчээ болон ялагдашгүй хүч, сайн сайхан чанар, мөрөөдөл  хүсэл нь  биелэл болсон аугаа их эрдэмтэн эрэлхийлэгч К. Циолковскийн гавъяат үйлс ололт амьдралыг товчлон хүүрнэсэн нь энэ билээ. 


 
Москва Звёздный городок 
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.