Сүүлд шинэчлэгдсэн: 1 цаг 39 минутын өмнө
Коридор-2 (хотын туужийн хэсгээс)

Хавар Өсөх цаг

Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд 
Эгшиглэн донгодогч олон шувуу жиргэлдэн
Ээлжлэх цагийн эргэлтийг мартаад
Үүрд байгаа хэлбэртэй байдаг л
Энхрийлэн өсгөсөн аав ээжийн хайранд 
Эрхэлж өссөн жаргалдаа ташуурч
Элдэв наадам тохууныг даган явсаар
Эргээд ирэх дөрвөн далайн жамыг эс мэдэв л

Говийн  Догшин хутагт Данзанравжаа 


Тэнгис-Оюун инээмсэглэн жамц давстай юм шиг гашуун кофе ууж, хуйтэн ус залгилж, халуун бантан идэж буй шартсан Панк Гочоод хандан 

-Урианхай найрагчийн 70-аад онуудад гаргаж ирсэн яруу найргийн томьёо байдаг л даа.

ДОТОOД шаталтын хөдөлгүүр! 



Владимир Сёмёнович Высоцкийн дуу шүлэг бол тэр юм! Нарны хайлмагт байгаа шиг түүний сэтгэлийн шаталт өндөр хэмээр явж байсан бөгөөд түүний тоглосoн кино, жүжиг, зохиосoн дуу болгон Оросын нийгмийн далд амин судсыг барьж байв. 

Үүний амжилтын гол утга учир нь эрэлхэг зоригтой иргэний байр суурь!



Манай Монголын сонгодог зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг, Ч.Лодойдамба, Э.Оюун, Л.Ванган, С.Эрдэнэ, Д.Мягмар нарын театрын урлагт үлдээсэн бүтээлийн суурь дэвсгэр нь мөн Эр зоригтой Иргэнлэг шинж чанар байсан! гэж хэлээд цааш нь

-Галсанжав найруулагчийн тавьсан суут Шекспирийн Гамлет ялгаагүй! 



Гамлетад тоглосон Жамсранжавын оюунлаг тоглолт бас уран бүтээлчийн царцаж, оюун санааны хуаран болон хувирсан хүнд суртлын тогтолцооноос асуулт шаардсан иргэнлэг байр суурь, монгол уламжлал, үндэсний үзэл, үндэсний ёс заншил гэж хэлэхээс чинь бэргэж, дээлээ ч өмсөөд явж чадахгүй болсон энэ үед зураач-кино найруулагч Цогзол гуайн Монголын уламжлал, ёс зүй, гоо зүйг дүүрэн гаргасан Бушхүүгийн үлгэрийн кино ч бас Зоригтой иргэнлэг байр суурь.

Бид бол Мел Гибсоны Зоригт зүрх киноны Баатар эр шиг байх ёстой! 

Тэрбээр –Freedom! гэж хэлээд Английн хаанд цаазлуулж байдаг шүү дээ гэлээ.
Моцарт шиг алиалах яах вэ? гэж нэмж хэлээд тэрбээр эргэлээ.



Социализмийн үеийн зогсонги, амар амгалан, хөлдүү царцуу нийгэмд бидний өссөн орчин болж бүх юмыг дээрээс төлөвлөөд шийдчихсан, санаачлага гэдэг юм байхгүй шахуу юм хаядаа сэнтэг гэх хүмүүс огт хэрэггүй  шахуу юман дээр дэмий улаан коммунист санаачлага гаргаж  дээд удирдлагаасаа оноо авахыг хичээж байв.

Ясли, цэцэрлэгийн хүүхдүүдийг марксист-ленинизмийн коммунист гоо зүйн хүмүүжлээр цогцоор нь сургах аян ч гэх шиг... 


Бид эрх чөлөө гэдгийг мэдэхгүй өсөж, гудамж дүүрэн хулиган атаман, бүгд адилхан шахуу хувцастай, гадаадад бараг явж болохгүй, дуу шүлэг, яруу найраг цензууртэй, ердийн бидний амьдралын урсгалд  намын үүр, эвлэлийн хурлын шийдвэр хэзээ ч амьдрал дээр хэрэгждэггүй, дэмий хоосон лоозогнол, дарга болох хэдэн хүний арга болсныг л хаpж байлаа. ТВ, радио, жүжиг сониноор энхрий хайрт намын уриа цуурай ачир дээр дарга нар тусгай дэлгүүрт орж, арын хаалга гэх хөгийн үзэгдэл газар авсан янзын хоёр нүүртэй амьдрал тойроод байсан юм. 

Нийгмийн амьдрал нь хайрцаглагдсан хатуу хуарангийн нийгэмд зөвхөн хайр дурлал, хүний тач сэтгэл бидний амьдралыг чимж гэрэлтүүлж байлаа. 

Гэтэл бас хахир сөөнгөө хүчирхэг хоолойтой Владимир Высоцкийн этгээд гаж үгтэй дуунууд магнитофоноос сонсогдож Улаанбаатарын гадаадад голдуу сурсан 
хотын сэхээтэн залуус сонирхон, оросууд бол шүлэг дууг нь тахин шүтэж байлаа. 

Tүүний феномен/үзэгдэл нь юунд байв?

Эрх чөлөө, сайхан амьдрал нэхсэн нийгмийн сэтгэлд болов уу?



Ажлаасаа цалингаа авсан Панк Гочоо, Тэнгис-Оюун хоёр 50-р дэлгүүрээс хоёр хайрцаг пиво, 3 шил архи нилээдгүй хүнсний зүйл даруулганд авч, дамжлан гарахад дэлгүүрийн үүдэнд Боржгин Болдхүү ахынхаа цоо шинэ Москвич асаачихсан хүлээж байлаа.

Тэр хоёрыг машинд оронгуут тэрбээр  

Миний ардын сэтгэл цагаан
Мишээх царай нь итгэл дүүрэн
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг хэмээн намуухан дуулж,

-Бууз тавьчихсан байгаа шүү гээд Гандангийн дэнж тийш аядуухан хурдаар явлаа.



Тэнгис-Оюун хамгаас дуртай Веаtles-ийн

Close your eyes and I kiss you
Tomorrow and I miss you зөөлөн амандаа аялахад, Панк Гочоо хоолой мэдэн бүдүүн хоолойгоор Queen хамтлагийн 

I want to B-R-E-AK F-R-E-E-E-E... хэмээн цонхоор толгойгоо ил гарган цэнхэр цамцаа тайлан дарцаг болгон хийсгээд хашгирч байлаа.



Сонирхолтой нь машинд суун яваа Москвагийн Театр Урлагийн Дээд Сургууль төгсөн ирээд ТВ-гийн найруулагчаар шинэхэн ажиллаж эхэлсэн Чурагсэд тэдний дуунууд бүгд нэг л дуу терци (гурвал) хоолойгоор дуулж байгаа мэт сайхан санагдаж, уран бүтээлийн шинэ онгод орж байлаа...

Улаанбаатарын тэнгэрт саран туяа хэдийнээ татаж, орой бүрий болсон хойно тэдний тулга тойрон сууж, зовлон жаргал, бодол санаагаа хувалцсан ням гаригийн баяр тарж, Гандантэгчилэн хийд буурал түүхэндээ олонтаа үзсэн залуусын нэгэн үдэш жаргалаа.




                                                                                                          (Үргэлжлэл бий) 
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.